Хүүхэд бидний ирээдүй
Аз олз биз?
Энэ өдөр ёстой азтай өдөр байлаа. Учир нь би их том олзтой байв. Яагаад гэвэл олон жил хайж байсан зүйлээ оллоо. Тээр жилийн намар юм даг, тэнэж яваад нэгэн цэцэрлэгийн танилцуулах самбарт хүүхдэд хориглох долоон зүйл гэдгээс эдүгээ миний бөндгөрт "өнгөнд бүү гялбуул, амттанд буу умбуул, улай бүү үзүүл" гэсэн гурван мөр нь л үлдсэн байв. Ингээд энэ өдөр гэнэт тэр долоон мөрийг гүйцээх хүсэл төрөөд шарсан махыг анддаггүй шар зурхайч гүүгл гэгчээс асуув. Гурвууланг нь бичээд хайсан чинь гүүгл гуай нүдээ жартайлгаж байгаа хэлж байна "Хүү минь арай их юм нэхээд байгаа юм биш үү?" гэж. Тэгэхээр нь ганцхан "Өнгөнд бүү гялбуул" гээд ахиад нэг асуув. Гүүгл гуай нэг л сэжигтэй харж байснаа "За хүү минь, миний уншсан ерэн есөн номон дотроос хавтасгүй ганц дотор л наад мөр чинь олдлоо" гэв. Ингээд олдсон тэр ганц хуудсыг нээгээд харсан чинь ёстой буруу зөвгүй бичсэн текстэн дотор уг мөр маань байж байх нь тэр. Гэвч долуулаа биш дөрөв нь байж байлаа. Тэгээд цааш нь уг хуудсыг жаахан гүйлгэж харлаа. Үг үсэг нь гээгдэж юмуу эсвэл өөр үсгээр орлуулагдсан, бүр сонин хачин тэмдэг орлуулагдсан гэх мэт шинж чанараар нь харж байгаад сонингоос үсэг таньдаг програмаар татаж авсан болох нь мэдэгдлээ. Энэ нь "Нийслэлийн сонин бичиг" хэмээх сонины мянга есөн зуун ерэн оны долоон сарын хорин дөрвөнд гарсан дугаарын "Хүмүүжүүлэх арга барилаас" гэсэн нийтлэл байв. Сонингийн хуудаснаас шууд татсан болохоор баганы текст энд тэндгүй тарж солигдсон, тасарч салсан байхаас гадна олон үгийг буруу таньж, бас буруу орлуулсан байв. Би хэсэг өөрөө тайлж уншиж байснаа сонирхол төрж эмакс уруугаа оруулж байгаад цэгцэлж эхлэв. Хоёр цаг орчим оролдсоны эцэст дараах бичлэгийг бэлэн болголоо. Чадлынхаа хэрээр утга найруулгыг нь зөв сэргээх гэж оролдсон бөгөөд утга найруулгын алдаа байх аваас, эсвэл уг нийтлэлийг уншиж байсан хүн байгаад алдаа эндэгдэл олсон бол засаж өгнө байх гэж найдаж байна. Энэ нийтлэлийг уншиж байхдаа цаг хугацаагаар ухран аялаж байгаа мэт сайхан сэтгэгдэл төрснийг нуух юун. Ялангуяа миний сонсож байгаагүй ардын зүйр үгс аманд бурам мэт орж байсныг бас ярих юун. Ингээд азаар олдсон олзоо хуваая.
Нийслэлийн сонин бичиг 1990-07-24 №5796
Хүмүүжүүлэх арга барилаас
Одоо манай улсын нийт хүн амын 44 хувийг 16 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлж байгаа бөгөөд эднээс алслагдсан хот айлын хүүхдийг оролцуулалгүйгээр яслид хамрагдах хүүхдийн 90 шахам хувь, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 70 гаруй хувь нь гэр орондоо өсч бойжиж байна.
Манай 18—45 насны эмэгтэйчүүдийи 6 хүн тутмын 1 нь хамрагдсан хүн ам зүйн судалгаанаас үзэхэд тэдний 20-иод хувь нь 18—19 насандаа хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь харьцангуй эрт төрөлт бөгөөд манай улсын гэр бүлийн тулах багана болсон эцэг эхчүүд залуужиж байгаагийн тодорхой баримт юм. Энэ бүхэн хүүхдийг гэр бүлд өсгөн хүмүүжүүлэх шинжлэх ухааны үндэстэй арга зүйг боловсруулах, залуу эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх ухааны анхны мэдэгдэхүүн эзэмшүүлэх бүх нийтийн сургалт явуулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Бүх нийтийн сургалтыг олон сарын турш үр хүүхдээ гэр орондоо сурган хүмүүжүүлж ирсэн ардынхаа баялаг өв сан, туршлагад тулгуурлаж, орчин үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлзүй, социологийн шинжлэх ухааны арга, хүмүүжлийн бусад хүчин зүйлтэй нягт хослуулан явуулах нь зүйтэй юм. Тэгвэл бид энэ удаа "гэрийн сургуулийн" хүмүүжлийн уламжлал буюу ардын сурган хүмүүжүүлэх зүйн дэвшилт зарим өв сангаас товч тайлбарлан танилцуулъя. Энэ уламжлал ардын аман зохиол, сургаал билгийн сан хөмрөгт хадгалагдан үлджээ.
Гэр бүл болох үүрэг хариуцлагыг юу гэж үздэг байв?
Монголын ард түмэн эртнээс нааш гэр бүл болох явдлыг "төрдөө өрх, түмэндээ үр нэмэх" хүндтэй үйл хэрэг гэж бэлгэшээн дээдэлж, найр хурим хийдэг нь ард олонд ёс төртэй тунхаглан зарлаж буй хэрэг юм. Тэгээд ч айл өрхийг улсын үндэс гэж үзээд "улсаа хөгжүүлье гэвэл өрх гэрээ өөд татаж, ҮР хүүхдээ хүмүүжүүл" гэж сургасаар ирсэн. Аав ээжийн асрамж халамжаас гарч, туурга тусгаарлан айл өрх додомдож үр хүүхэдтэй болоод "төрөх гэдэг төрийн хэрэг, төрхгүй гэдэг эрүүгийн хэрэг" гэж эцэг эхийн үүрэг хариуцлагыг төрийн хэмжээнд хүртэл өндөрт тавьж, ёс журамтай амьдрахыг сургадаг байна. Үүнийг сургаал билгийн зохиолд батлахдаа "үр хүүхдийг ачлан өсгөхийн учир хэмээвээс манай монгол үндэс юугаа бат бэхлэн хожим хожмын олон өдөр улс гэрээ мандуулахын сурвалж" гэж өгүүлсэн байдаг.
Хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг зорилгоо яаж ухамсарлаж байв?
Хүүхэд биологийн хувьд хүний удамшлын иж бүрэн шинж төлөвийг өвлөн төрдөг боловч хүн болох чанарыг өөрөө бие дааж хөгжүүлэх чадваргүй байдаг. Тиймээс тэр чадварыг хүүхдэд багаас нь гэр бүлийн дотор эцэг эхчүүд төлөвшүүлэх учиртайг ард түмэн "бие нь төрмөл, санаа нь таримал", "хүнии хүчинд (орчинд) хүн болдог юм шүү" гэсэн зүйр цэцэн үгээр тодорхойлж иржээ. Зарим муу эх, хүүхэд төрүүлэхийг урьтал болгоод өсгөж хүмүүжүүлэх ажлыг цалгардуулж, хүүхдээ багаас нь хүмүүжүүлж чадаагүйгээс ясли, цэцэрлэгийн асрагч хүмүүжүүлэгчид рүү чихэж "төрүүлснээс билгийн биеийг нь төрүүлээгүй" гэдгээр шалтаг зааж, хүн хүмүүжүүлэх үүргээс өөрийгөө чөлөөлөх гэж оролддог, эсвэл хүүхдээ хэт эрхлүүлэн "тосон дотор умбаж, торгон дотор шунгаж" өсгөснөөс эцэстээ зан төлөв нь эвдэрч, хэр баргийн юм тоодоггүй, бусдын үгийг дуулдаггүй, буруу зуршилтай хүн болгодог байна. Тийм эцэг эх "буруу хүмүүжсэн хүүхэд бухын хүзүүнээс бүдүүн болдгийг" үзэж, эцэстээ "өнгөрсөн бороонд цув нөмрөв" гэгчээр яаж ч хүмүүжүүлэх гэж оролдоод дийлэхээ больж, "гэм нь урдаа гэмшил нь хойноо" гэдгийг биеэр амсдаг. Ард түмэн хүүхдэд тавих хайр халамж хязгааргүй, харин энхрийлэл хязгаартай байх ёстой, тиймээс "хайраа дотроо байлгаж, халаа гаднаа үзүүлж явбал" эндэгдэлд ордоггүй гэсэн зарчим баримталж иржээ.
Хүмүүжүүлэх орчныг яаж бүрдүүлж байв?
Ардын сурган хүмүүжүүлэх зүй "эрүүл биед саруул ухаан оршдог" гэдгийг урьтал болгохдоо үүнийг дан биетэй хүнд төдийгүй, давхар биетэй эхчүүдэд бас хамааруулдаг аж. Тийм учраас жирэмсэн эхчүүдийг ихэд хүндэтгэн хүн бүр халамж тавьж явах, суух, хэвтэхэд нь тусалж, найрсаг харьцаж сэтгэл санаагий нь тайван байлгах, айж эмээж цочихоос болгоомжилж улай үхдэл үзүүлэхгүй байхыг хичээхээс гадна хоол ундны дэг журам сахиулдаг байв. Энэ нь нэг ёсондоо тэр тулгар эхийг төдийгүй, төрөх үр хүүхдийнх нь эрүүл мэнд, хувь заяаг бодолцсон хэрэг юм. Ард түмэн хүүхдийг сэрүүвтэр орчинд нэхий юм уу, борог (ширүүвтэр) даавуу зарим нутагт хөх бууц дээр тосч авдаг заншилтай байв.
Төрсөн хүүхдийг 3 хонуулаад голцуу эх барьсан ээж, хар цай юм уу, цийдмээр угааж гурван бүст манцуйд өлгийдөж бэлгэ дэмбэрэлтэй нэр өгдөг заншилтай байв. Эдгээр ёс үйлдлээс гадна гэр бүлийн доторх өөр хоорондын эвсэг найрсаг, эелдэг зан харьцааг хүүхдийн цаашдын хүмүүжлийн зөв орчин гэж үздэг байжээ. Тиймээс "зөөлөнд эе зөв, зөвд шударга зөв" гэх буюу "зангийн зөөлөн нь, үгний цөөн нь" гэж хэлэлцдэг байна. Гэхдээ энд "зөөлөн зан" гэдгийг "үг зөөлөн үйл хатуу" буюу нөгөө "хайраа дотроо халаа гаднаа" гэдэг зарчимтайгаа холбон, эв эеийг хослуулан харьцах утгаар хэлсэн үг гэж ойлгогдож байна. Манай ард түмэн найрсаг амьдралыг насны жаргал гэж тооцоод "уцаар ихтийн хараах, ухаан муутын аашлахыг" үзэн ядаж "хээр алаг эхээс шийр алаг хүү төрнө", "үлгэргүй эхээс ичгүүргүй хүү" гэх юм уу, "хараалчийн хүү хараалч, худалчийн хүү худалч" гэж сургадаг нь эх эцэг эвсэг биш, хүмүүжлийн доголдолтой ахул хүүхэд нь мөн тийм уур уцаартай ааш араншинтай, муу зуршилтай хүн болно гэж үздэгийн баримт юм. "Гэр зуур эвээ, хот зуур малаа хичээж явахыг" чухалчилдаг энэ санааг ардын сургаал билгийн зохиолоос бүр ч тодорхой үзэж болно. "Ах дүүдээ ая тал сахигч, гэргий хүүхдээ тэтгэн чадагч, гэнэдэж буруу үг үл хэлэгч, уур унтуугүй" эцэг байх гэх юм уу, "ачит аав ээжээ машид хүндэтгэн ах дүү лүгээ зохицон найрамдаж, гэр орноо цэвэрлэн засагч" эх байх нь бусдад нэр хүндтэй нөлөөтэй байхын шинж гэж заасан нь үнэндээ гэр бүлийн доторх хүмүүжүүлэх орчинг тодорхойлсон хэрэг юм.
Гэр бүлийн ийм зан харьцаанаас гадна хүүхдийн еөрсдөд нь тавих анхаарал хангамжийг оруулдаг байжээ. Ард түмэн хэтэрхий хангалуун амьдрал хүүхдийн зан чанарыг эвдэнэ гэж үздэгээс "гашуунаар бүү тэтгэ, амттанаар бүү цатга. Өнгөнд бүү гялбуул, тансагт бүү умбуул" гэж сургадгаас тодорхой.
Хүүхдийг юунд сургаж хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг байв?
Ардын ерөөлд "эр хүний 10 эрдэмтэн болохыг бэлгэддэг" нь зөвхөн хөвгүүдийг төдийгүй, охидыг ч хүн болгон төлөвшүүлэх, тал бүрийн боловсролтой болгох гэж "гүн ухааны үүднээс боловсруулсан" ( Д. Дашжамц) үв тэгш хүмүүжлийн ерөнхий хөтөлбөр юм. Номд мэргэн (оюун ухааны), үйлэнд уран (хөдөлмөрийн), үгэнд цэцэн(хэл ярианы), нойронд сэргэг, дайнд баатар, далайд усч(бие бялдар, зориг хатуужлын), хуримд цовоо (гоо зүйн) хуулинд шударга (эрх зүйн), дээдэд зусаргүй, доодод найртай (ёс суртахууны) эдгээр шинж чанарыг эзэмшвэл зохино гэжээ. Хүүхдийг үв тэгш хүмүүжүүлэх энэ монгол сэтгэлгээ нь сурган хүмүүжүүлэгч С. Баясгалангийн үзэж байгаагаар хүний цаашдын төгс төгөлдөр хөгжил (үлэмжийн чанар, зохицол, туйллаг)-д хүрэх эрмэлзэл юм. Тиймээс төгс төгөлдөрт хүрэх арга замыг сургаал билгийн зохиолд заахдаа "эрдмийг утган авах шанага арвин. авсан эрдмийг шүүр мэт эс гоожуулан тосон тогтоох сав арвин. Нэгэнт тогтоосон эрдмийг цогцлон бүрдүүлэх оюун ухаан, цэцэн сэтгэл бөхжихийн хэрээр сониныг хичээх үйл арвин. Үйлийг бүтээх эрдэм бүрдвээс ашдын үйлс арвин" гэж "идэхийн саваас эрдмийн сав"-ынх нь онцлогийг харгалзан үзэх ёстойг зөв зүйтэй нээн үзүүлсэн байна.
Хүүхдийг хэдий үеэс сургаж хүмүүжүүлэхийг эрхэмлэдэг байв?
"Хүүхдийг багаас нь, хүлгийг унаганаас нь" гэдэг зүйр үгт хүмүүжлийн ажлыг нялх үеэс нь эхлэх ёстойг заасан бол "хүн болох хүүхдээсээ, хүлэг болох унаганаасаа" гэсэн тэр нэг зүйр үгт хүмүүжлийн үр дүн эрт илэрч, цаашид төлөвшиж болдгийг хэлсэн нь илт юм. Энэ нь хүүхдийг жирийн нэг хооллож, хоног хугацааг өнгөрүүлснээр аяндаа хүн болохгүй, харин сурган хүмүүжүүлэх ухаалаг, уйгагүй үйл ажиллагааны үр дүнд биелнэ гэсэн шинжлэх ухааны үндэс бүхий дүгнэлттэй зүй ёсоор тохирч байна. Ардын сургаал билигт "чадал тамир бадрах 10 наснаас дээш, чанд зориг эхэлж сургаал авах хомсдох" гэж өгүүлсэн нь хүүхдийг насны бага, цусны шннгэн үеэс нь сурган хүжүүжүүл гэсэн санаа болох нь ойлгомжтой.
Хүүхдийг яаж хүмүүжүүлж ирсэн бэ?
Ард түмэн хүүхдийг бага гэж басдаггүй, эв эеэр харьцаж тодорхой цагийн хуваариар хөхүүлэх, хуурайлж унтуулахыг хүмүүжлийн ач холбогдолтойд тооцдог байжээ. Тиймээс цаг нь болоогүй бол (хэрвээ бие нь зовиуртай л биш бол) хүүхдийг уйлагнах бүрийд хөхүүлэх, гар дээрээ авч бүүвэйлэхийг эрс татгалзаж, харин өлгийд нь хөдөлгөн саатуулахыг урьтал болгодог нь ёс дэгийн хүмүүжилд сургаж буй хэрэг юм. "Охин үйл мэтгэх гэж өдрөөр уйлдаг, хөвгүүн адуу манах гэж үүрээр уйлдаг" гэж ярьдаг нь "уйлж баймааж хүн болдог, майлж баймааж мал болдог" гэсэн үзлийнх нь илрэл юм.
Бүүвэйн жигд зөөлөн займчил, айзам намуун хэмнэл хүүхдийг тайвшруулах, нойрсуулах төдийгүй, эхийн санаа сэтгэлд ч таатай нөлөөлж бие нь тавирч, ангир шар уураг нь саамширдаг гэж эмч, сэтгэлзүйчид бичсэн байдаг нь оргүй үг биш. Эх эцгийн асрамж халамжид байгаа хэрнээ нялх хүүхдийн эндэгдэл нэлээд байгаагийн учир шалтгааныг эмч нар сульдаа, тэжээлийн дутагдал гэж оношилдог байна. Тэгвэл эдгээр өвчний үүслийн нэлээд хувийг хүүхдэд резинэн угж хэтэрхий хөхүүлснээс завьжны булчин суларч, тагнай нь үрэвсэж, хөхөө хөхөж чадахаа болих, хоосон агаар сорсоноос гэдэс нь дүүрэх зэрэг гажиг илэрдэг ажээ. Иймд бүүвэйн дуу бол "хий үгээр хэвтүүлж уран үгээр унтуулах" гэгчээр хүүхдийг тайвшруулах нойрсуулах увдист "эм" учраас "эцэг эхчүүдийн хүүхдээ эрүүл чийрэг өсгөж хүмүүжүүлэх" анхны хичээлийн нэг юм. Хүүхдийг ойр зуурын юм ажиглах чадвар суухын хамт түүний дээрээс (унинаас) эсгий үнэг юм уу, гялгар тоглоом уяж "хараагий нь тогтоохыг" эрмэлздэг нь үнэндээ анхаарлыг нь төвлөрүүлэх арга бөгөөд тэр нь юмыг танин мэдэх ухаарлын үндэс болдог гэсэн шинжлэх ухааны үндэстэй ойлголт юм.
Ард түмэн хүүхдээ багаас нь бүүвэйлж, уран үг, уян дуунд дасгаж сургахаас гадна өхөөрдлийн үгээр баясгаж ирсэн баялаг уламжлалтай. Нэг хоёр авиа хэлж гунганаад ирэхийн цагт эх эцэг, ахмад хүмүүс түүнд нь аль болох эелдгээр "Аль вэ миний хүү", "Эвий минь юу ярьж байгаа юм" гэх зэргээр өхөөрдөж ярихыг эрмэлздэг нь түүний өгүүлэхүйн эрхтэнийг бэхжүүлэх, сонсголыг нь хөгжүүлэх, харилцааны соёлд сургах халамж анхаарал юм. Хэдийгээр хүүхэд ойлгохгүй ч гэсэн өөртэйгээ ялдам харьцаж байгааг мэдэрч инээдэг. Энэ нь түүний сэтгэхүйд нөлөөлж, баяр баясгалан төрүүлдгийг батадгаж байна. Хүүхэд баяр баясгалантай байна гэдэг бол эрүүл чийрэг өсч бойжихын үндэс гэж ард түмэн үздэг. Тэгээд ч суниахад "сурсан болгон сугаар год» гэх, хуруугаа гозолзуулахад "бад байран, бадам хоорон, оо тоорон, отгон мээрэн, чигчий бүүвэй» гэж «тоолж» чигчийгий нь имэрч инээд наад болгодог. Энэ нь тоглоом наадмаар "тоо", үг хэлд сургах арга юм. Цаашид үгийн учир ойлгодог болоод ирэхээр хурууг "Эрдэм дэлхий, хурдан бугай, дундын дунд, захын загал, загасан бүүвэй" гэсэн утга бүхий үгээр "тоолох" юм уу, бүр тоглолт маягийн үг хэллэгэтэй болгодог байна. Тоо ван сургаалдаа "хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана" гэсэн байдаг нь хүүхдийг өхөөрдөж байгаа нь энэ гэж аав ээж нь хэлээ хазаж "тэдэнд хэлгий хазгай үг хэлж болохгүй" гэсэн санаа болой. Ард түмэн хүүхдээ "хэлгий бол ухаан дутмаг" болохын шинж хэмээн үзэж, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэхэд бэрхтэй (р, л,б, м) авиа орсон "хар даага, бор даага", "элээ, хэрээ, галуу гурав", "мянган мөнгөн бөмбөг" гэх мэт үгийг олон дахин түргэн хэлүүлж сурган хэлийг нь зүгшрүүлдэг. Энэ нь хүүхдийн нас ахих тутам хялбар дөхмөөс хүнд рүү, хөнгөнөөс бэрх рүү сургах зарчмын дагуу "энэ эргэн дээгүүр эргэлдээд байгаа элээ хэрээ галуу гурав" гэх мэт урт хэллэгтэй өгүүлбэр болгон хэлүүлдэг аж.
Мөн хүүхдийн хэл яриаг хэлбэржүүлэх, үгийн нөөцийг баяжуулах, ой тогтцыг хөгжүүлэхийн тулд утгагүй холбоц болох жороо үг цээжлүүлж, сургадгийн жишээ нь: "монголын модон хүрзэ, хүрээний хүчин начин, начингиин наймал галуу, галууны ган өндөг"… гэх мэт болой. Ингээд хүүхдийн хэл эвлээд зүгширч юмны учир утгыг ойлгон элдвийг асууж (3 насны орчмоос) шалгаагаад ирэхийн үед зугаа үг хэлж, үгэн (аман) тоглоомоор тоглуулдаг нь тэдэнд "гурван үгний учир таниулж, гурвалжин нөхөөсний зүйдэл мэдүүлж" сургах хүмүүжлийн нэг арга хэрэглүүр юм. Тухайлбал, "Өөрийн хүү уйлж байна. Өвөө эмээ саатуулж байна. Бороо бороо орж байна. Ботго тугал төрж байна" гэх мэт юмыг энгийн хүүрнэсэн зугаа үг хэлүүлж байснаа хүүхдийг өсөх тутам "Дунд хуруу олох", "Сүмбэр уул босгох", "Хомхой хуруу барих" мэтийн ёс дэг, зан үйлийг таниулсан харилцаа үгийн хэллэгтэй гар хурууны тоглоом болж "хүндэрдэг" байна.
Зугаа үг цаашдаа хүүхдийн сониучирхан хариулт нэхдэг түм буман "яагаадад" тохирсон мэтгэлцээний маягтай, үлгэрийн хэлбэртэй болдог. Тухайлбал, Дарьганга ардын дунд хэлэлцдэг "Юу бөх (хэцүү) вэ?» гэдэг зугаа үгт - Юу бөх вэ? - Бяруу бөх. Бяруу бөх юм бол мөсөнд яагаад хальтардаг юм бэ? Мөс бөх. Мес бөх юм бол наранд яагаад хайлдаг юм бэ? Нар бөх. Нар бөх юм бол үүлэнд яагаад халхлагддаг юм бэ? Үүл бөх. Үүл бөх юм бол салхинд яагаад, туугддаг юм бэ? Салхи бөх. Салхи бөх юм бол ууланд яагаад хаагддаг юм бэ? Уул бөх. Уул бөх байтлаа оготнод яагаад нүхлүүлдэг юм бэ? Оготно бөх. Оготно бөх юм бол үнэгэнд яагаад баригддаг вэ? Үнэг бөх. Үнэг бөх юм бол анчинд яагаад алагддаг юм бэ? Анчин бөх. Анчин бөх юм бол бурханд яагаад мөргөдөг вэ? Бурхан бөх. Бурхан бөх гэж үү? гээд тахисан бурхнаа аваад чулуудтал бут үсрэхэд: Хар, бурхан бөх гээд байсан будаг шавар хоёр л байна шүү дээ гэж хэлэлцдэг. Иймэрхүү юмс үзэгдлийн учир шалтгаан, уялдаа холбоог таниулсан зугаа үг нь цаашдаа үйл явдалтай "Долоон бор оготно", "Өвгөн эмгэн хоёр", "Үнэг, зараа, чоно гурав", "Цэцэн туулай" мэтийн хошин богино үлгэр тогтоон ярьж сурахын эхлэл болдог.
Ард түмэн хүүхдийн ухаан бодлыг тэлэх хамгийн боломжтой сургалтын арга, хэрэглүүрт оньсого тааврыг тооцдог. Тиймээс эцэг эхчүүд орой бүр хүүхэдтэйгээ оньсого таалцаж. ойр тойрны эд юмсаас эхлэн орчлон хорвоогийн үзэгдэл, түүний мөн чанарыг таниулахыг эрмэлздэг юм. Хүүхдэдээ эхлээд тэдний мэддэг ойр зуурын юмаар тоочсон, зүйрлэсэн оньсого таалгаж байснаа цаашдаа арай хүндрүүлж, юмсын нэр, утгыг шилжүүлэн адилтгасан хийсвэрдүү оньсого болгох жишээтэй сургадаг байж. Оньсого нь аливаа юмны хэмжээ, хэлбэр төрх, өнгө зүс, дуу чимээ, хөдөлгөөн, яс чанар, мөн үүрэг зорилго зэргийг олон талаас нь гаргаж байдаг учраас хүүхдийн логик сэтгэхүй хөгжүүлэх шилдэг хичээл болдог нь тодорхой. Хүүхдээ нэлээд оньсого сураад ирэхээр нь хотныхоо хүүхэдтэй оюун ухааны нь сорих "тэмцээн хийж" хожигдогсдыг элдэв хэрэгцээгүй юмаар "худалдаж" инээд наргиан болгодог уламжлалтай. Тэрхүү "худалдах юмс" нь "шар нохойн шаант, бор нохойн богтос, оосоргүй хувин, оёоргүй бортог" юм уу, эсвэл "сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг, уранхай дээл, улгүй гутал" мэт (үгтэй) байдаг нь оньсого бага мэдэгч хүнийг ийм л үнэ хүндгүй болохыг "ичээж", улмаар олон оньсого сурах эрмэлзлийг нь өрнүүлэх зорилготой арга юм.
Хүүхдээ энэ мэт аман (үгэн) тоглоомоос гадна тэднийг ажигч гярхай болгох, ургуулан бодож сэтгэх, гар биеэр хийж гүйцэтгэх, мэдрэхүйн үйл ажиллагааг нь хөгжүүлэх терөл бүрийн наадгай бэлтгэн тоглуулдаг байжээ. Эрдэмтэн X. Дарамбазарын олж тогтоосон ардын 3000 гаруй наадмаас 3—7 насны хүүхдэд тохирох хөлөгт 48, эвхэх 9, хуруу гарын 3, биеийн тамирын (хөдөлгөөнт) 13, шагайн 18, сүүдэр 4, сүлжээ 8, эвлүүлэх 6, ээдрээ тайлах 4, оньсон 12 бүгд 132 наадгай байгаа аж. ("Хүүхдийн хүмүүжил" 1989 №-д үз) Малчид амьдралынхаа үндэс мал аж ахуйн арга ажиллагаа, аж төрөхийн үлгэр загвар болсон тоглоомоор хүүхдээ 3 настайгаас нь эхлэн тоглуулж сургадаг байна.
Хүүхдийг хөлд ормогц аяга таваг дөхүүлэх, ганц нэг аргал хоргол оруулах зэрэг "ажилд" уйгагүй сургаж эхэлдэг. Энэ нь тэдний хөдөлгөөний эвслийг хөгжүүлж, ардын үгээр судас шөрмөсий нь "чангатгаж" буй хэрэг. "Хүүхэдтэй хүний хөл амардаг, харин хэл амардаггүй" гэлцдэг нь тэдэнтэй зугаагүй ярьж, юмны учрыг ухаарах ойлгоход анхаар гэсэн санаа биз. Гэхдээ "үглэж сургахаас үлгэрлэж сургахыг" эрхэмлэж хувцас хунараа өмсөх, аяга халбагаа угаах, хурга ишиг хөөх, барих, хаших (хөгнөх) зэрэг хот суурин ажил хөдөлмөрийн явцад тэднийг байнга дагуулж "багшилдаг" байжээ. Энэ арга бол ардын сурган хүмүүжүүлэх зүйн хамгийн сонгомол арга болно. Хүүхдийг багаас аливаа юманд алмай, залхуу хүн болгохгүйн тулд "тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр", "зүгээр суухаар зүлгэж суу", "ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог", "эрхийг сурахаас бэрхийг сур" гэх зэргээр сургаж тэдэнд таарч тохирох ажлыг заан хийлгэдэг. Тэднийг тэгэхдээ "бэлэнд ухасхийж, бэрхэд гэдэсхийдэг" болгохгүйн тулд "ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал" гэгчээр хийж эхэлсэн ажлыг нь шалгаж, өөреөр нь гүйцэтгүүлэхийг эрмэлздэг дадлага чадвар суулгах, юманд нухуур, шантрамтгай биш харин няхуур улаамтгай зан чанарт сургах арга юм. МУИС-ийн багш Ж. Лувсандоржийн судалгаагаар малчдын хүүхэд 5 настайдаа хурга хариулах, хонь саах, тугал туух, хороо хотоо цэвэрлэх, 6 настайдаа хурганы эзэн, 7 настайдаа хурдан морины эзэн, 8 настайдаа хонины эзэн, 12-14 настайдаа томчуулын хийдэг бараг бүх ажлыг хийж чаддаг болсон байдаг ажээ. Ингэж "багадаа сурахгүй ахул баахапдаа сурахгүй", "өсөхөд сурсан зан өтлөхөд бас дагана" гэж бага наснаас нь ажил хөдөлмөрт дуртай болгон зан чанарыг төлөвшүүлэн хүмүүжүүлэхийг эрхэмлэж ирсэн нь орчин үеийн сургалт хүмүүжлийн зорилт зарчимтай яв цав нийцдэг байна. Хүүхдийн бие махбод, сэтгэхүйн хөгжил сар жилээр биш, өдөр хоног цагаар хэмжигддэг болохоор хурдан өсч, төлжиж буй хүчин зүйлийг цаг алдалгүй ашиглаж, тодорхой зорилго чиглэлтэй, дэс дараалалтай сургаж хүмүүжүүлэх ажлыг гэр оронд нь тасралтгүй явуулахад анхаарах ёстой. Үүнд өөрийн гүн ухаан, сэтгэл судлалын үндэслэл, амьдралын олон зуун жилийн туршлагаар батлагдаж, нийтээр хүлээн зөвшөөрсөн ардын сурган хүмүүжүүлэх зүйн энэ мэт дэвшилт өв уламжлалаас өргөн ашиглах шаардлагатай байна.
Ловор
Бичлэгийн эх сурвалж: http://mongolian-it.blogspot.com/
бичсэн: xvv | төрөл: Хүмүүжил 2010-05-16 өдөр 20:45
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
"Юу бөх вэ?- гэдэг чинь жинхэнэ фиолософи байнашд. Хүүхдүүддээ хэлж өгнөө. Бас тэр ёгт үлгэрүүдийг олж авахынсан.
Гоё гоё зүйр үгс их байдаг ч "хайр нь дотроо, хал нь гаднаа" гэдэгтэй би ёстой эвлэрдэггүй дээ. Би бол хүүхдүүддээ
Сэтгэгдэл бичих