Холбоо барих
Хайлт:

Хүүхэд бидний ирээдүй

Бид хүүхдэдээ хэрхэн ханддаг вэ?

Хүн биш хүүхэд

Найзын маань дүү дүрслэх урлагийн сургууль төгсөөд ажилд орохоор болсон юм. Энэ тухай найз маань их л баярлангуй  ярьж, бид ч хүүхдийн номын зураг зурдаг хүн ховор, насных нь онцлогт тохируулаад сайн зураг зурвал “од” болох магадлалтай гэж ирээд л хэсэг ярилцаж байлаа. Харин саяхан нөгөө залуутайгаа тааралдсан чинь ажлаасаа гарчихаж. Яагаад гэж асуувал “Багш маань хүүхдийн номын зураг зурснаас уран бүтээлээ хий гэж загнасан” гэдэг байгаа. Хүүхдийн ном тэгээд уран бүтээл биш гэж үү? Дээхнэ нэг цэргийг автобусанд суусан чинь нэг хүн “Наадах чинь хүн биш цэрэг явж байна” гэсэн гэдэг. Түүнтэй хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн хүн биш хүүхэд юм чинь юу ч байсан яадаг юм бэ гэсэн хандлагаар яваад байгаа юм шиг санагдаад... Бид хүүхэддээ хайртай, хайртай, монголын үрс маш олон болог, хүүхдийн төлөө за гэж хэлье гэж аман дээрээ ярьдагаас биш яг амьдрал дээрээ дандаа ад шоо үздэг юм шиг. Магадгүй танд энэ үг таалагдахгүй байж болох юм. Нарны хаан хүүхэд хөөрцөглөхөөсөө өмнө БИД ХҮҮХЭДДЭЭ ХЭРХЭН ХАНДДАГ ВЭ? гэсэн сэдвээр ярилцъя.Ж.Саруултуяа: Завгүй гэдэг “сайхан” үг

Би ганц хүүхэдтэй. Хүү маань Налайхад өвөө эмээтэйгээ амьдардаг юм. Амралтын өдрүүдээр заавал очно доо гэж бодсоор сүүлийн сар гаруйн хугацаанд очиж чадахгүй л байна. Чадахгүй ч гэж дээ... Ажил төрөл болохгүй эсвэл найз нөхөдтэйгээ уулзах гээд нэг л болж өгөхгүй байна. Хүүхдийн баяраар л нэг очно доо. Хааяа нэг утсаар ярихаар “Ээж, аав та хоёр хэзээ ирэх юм бэ?” гэж асуудаг. Бид ч “Зав болохгүй байна. Завтай бол гүйгээд л очмоор байна” гэдэг. Энүүхэн хоёрын хооронд юу байхав дээ гэж боддог ч яг цагаа тулахаар дараа долоо хоногт л очъё гэлцээд л өнгөрдөг дөө. Урд нь хамт байдаг байхдаа ч олигтой зав гаргаж байгаагүй юм байна. 

Найз нөхөдтэйгөө уулзах, аялал зугаалга болохоор ажлаа яаж ийгээд зохицуулчихаад аавынд аваачаад өгчихдөг байсан.

Аав ээжээрээ хүүхдээ харуулдаг хүмүүс цөөнгүй байдаг. Залуухан хосууд орох оронгүй, ажил төрөл дээрээ байр сууриа эзлээгүй гээд үүнийгээ зохицуулчихаад хүүхдээ өөрсдөө хүмүүжүүлнэ гэж их ярьдаг. Манай найз нөхөд дунд ийм хүн олон байгаа. “Завгүй”, “Өдөржингөө ажилтай байгаад ядарлаа” гэдэг үгс яг амны уншлага шиг. Гэхдээ олон ангит сериал, хөл бөмбөгийн тоглолт үзээд хэдэн цагаар телевиз ширтээд суухаараа завтай л байдаг шүү дээ. Хүүхдээ ээж аавдаа даатгачихаагүй нэг нь өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд л “мартдаг”. Сургууль цэцэрлэгээс нь авчираад халтар хултар хичээлийг нь давтуулсан болчихоод л түүгээрээ ээж аавынхаа үүргийг хангалттай биелүүлж байна гэж ойлгодог. Телевиз үзээд сууж байхад хүүхэд чинь ирээд юм асуувал “Цаашаа. Хүн юм үзүүлэхгүй” гэж ирээд л бухимдаж байсан үе танд байгаа л байх. Тэгсэн хэрнээ хүүхдийн хүмүүжил хэмээн том том юм ярьж, одоогийн хүүхдүүд хүнээ байж гээд өөлж гоочлохдоо сайн. Харин баруунд хүүхдээ хүмүүжүүлье гэвэл цаг зав гарга, чадахгүй бол битгий олон юм ярь гэсэн зарчим үйлчилдэг. Хүүхдийнхээ төлөө явж байна гээд зөнд нь хаячихдаг, санахаараа чихэр боовоор “хуурдаг” биднээс тэс өөр дүр төрх харагдаж байгаа биз. Хүн болох багаасаа гэж их ярьдаг. Энэ үгээр бол хүн болох эх суурь нь тавигдаж байгаа цэцэг цэврүү шиг тэднийг маш сайн анхаарч, зааж сургаж, үлгэрлэх ёстой юм шиг. Гэтэл одоо амьдрал дээр харахад шал өөр.

-          Аав энэнийг хар даа гоё байгаа биз?

-          Миний хүү цаашаа явж тогло. Аав нь ядраад байна.

-          Аав нь өдөржингөө ажилтай байсан болохоор ядарч байгаа. Ээжийн хүү битгий аавыгаа ээрээд бай. Явж тогло.

Иймэрхүү яриа оройдоо нэг өрнөнө. Нэг л их ажилтай хүн. Их сайхан зантай үедээ “Миний хүү шинэ дуу сурсан уу? Цэцэрлэгийнх нь багш ямар шүлэг заав?” гэж ирээд л дуулуулж, бүжиглүүлнэ. Нэг үгээр хэлбэл стрессээ тайлах маягаар хүүхдээ тооно.  Бусад үед нь юун чамтай манатай, илүү чухал зүйл байна гэсэн шүү хандлага гаргана. Тэгээд ч том хүн том хүнтэйгээ ярьдаг. Жижиг хүнд асуудал байхгүй. Тэд юу мэддэг юм, юу ч бодохгүй гэж итгэдэг. Тэр нь бүр яс маханд маань тогтчихсон үзэл. Манай сэтгүүлийн 71-р дугаарт “Би хүүхэдтэйгээ ойлголцохгүй нь” гэсэн нийтлэл гарч байсан. 16 настай охин нь жирэмсэн болж зулбуулах эм хэрэглэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай нэгэн ээжийн яриа байгаа. Жижигхэн байхад нь тоохгүй, ярихгүй байвал томрох тусмаа бүхнээ ээж ааваасаа нуудаг юм байна шүү гэдгийг тэр ярианаас ойлгож авч билээ. Гурав, дөрөвхөн настай юм чинь хүүхэлдэйн кино үзээд, тоглоом эвлүүлээд, чимээгүйхэн байж байвал хангалттай гэж боддог бидний алдаанаас болж хожмын өдөр хүүхдүүд маань буруу алхам хийж байгаа юм шиг.

Юу ч мэдэхгүй юм чинь...

Зургаан сартай хүүхдэд зориулсан ном гэж сонсоод нүд орой дээрээ гарах шахав. Нялх хүүхэд юу ч мэдэхгүй. Дэргэд уурлаж, хашгирч орилж болно. Тэрэнд ном уншиж өгсөн ч, зураг харуулсан ч юу ч ойлгохгүй. Учиргүй өлсгөчихгүй л бол... гэсэн бодол байдаг болохоор жаахан хүүхдэд зориулсан ном гэхээр гайхах хүн надаас эхлээд өчнөөн таарна. Ном битгий хэл тоглоом сонгохдоо ч ач холбогдол өгдөггүй. Эрээн мяраан, энд тэндээ цацаг чимэгтэй бол аваад л өгчихнө. Тоглоомоор дамжуулж хүүхэд эд юмсыг танин мэддэг гэж бодох ч үгүй. Гэхдээ “Хүүхэд жаахан юм чинь, юу ч мэдэхгүй юм чинь ямар хамаатай юм бэ?” гэсэн хандлагыг бид санаатайгаар гаргадаггүй. Гэхдээ л байгаа байдал, үйл ажлаараа харуулаад байдаг шүү дээ. Малчид үр хүүхэддээ тэр болгон бүгдийг тайлбарлаад байх шаардлагагүй. Гэрт болж байгаа бүхнийг хүүхэд өөрөө харж, ишиг хургатай хөөцөлдөж, хүрээлэн байгаа орчинтойгоо шууд харьцдаг. Гэтэл хот гэсэн энэ зохиомол орчинд хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх цогц төлөвлөгөө хэрэгтэй болоод байна. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан нь гэдэг дээ. Юмыг танин мэдүүлэхийн хамгийн эхний учиг нь хүүхдийн хувьд тоглоом, бас ном байдаг. 0-1 насныханд зориулсан номыг хараад үнэхээр сайхан юм хийжээ гэж бодогдож байлаа. Жаахан хүүхэд барьж байгаа болгоноо ам руугаа хийдэг. Зузаан нягт цаастай болохоор амандаа хийгээд шүлсдсэн ч яах ч үгүй, тэгээд бас тасраад ам руу нь орчих вий гэж санаа зовохооргүй. Хуудас нь эргэх бүрт өөр өөр зураг. Өөрийн эрхгүй баярлаад л байна.

Саяхан охиндоо нэг ном авч өглөө. Гялгар хавтастай их л сайхан санагдсан болохоор нь дотор нь юу байгааг нь ч анзааралгүй авч орхилоо. Охин маань харин нэг л удаа нээж үзээд тоогоогүй хаячихсан. Хүн юм авч өгч байхад гээд л би баахан гомдоллов. Харин өөдөөс “Наад ном чинь эрэгтэй хүүхдийн ном байна” гэж хэлэхээр нь анзаараад үзлээ. Нээрээ л үлгэрийн баатруудаас нь өгсүүлээд, зураг хөрөг нь манай охины хүсэл сонирхлоос өөр байв. Ингээд бид ном л бол ном гэж ойлгож болохгүй, нас, хүйс, дур сонирхол гээд олон зүйлийг нь бодож байж хүүхэддээ ном авч өгөх хэрэгтэй юм гэж бодох боллоо. Найман настай хүүхэд хараад ойлгож уншиж байгаа зургийг нэг настай хүүхдэд үзүүлж таарахгүй. Бүүр бага насны хүүхдэд хамгийн их харсан, ойрхон зүйлүүдийг нь харуулж тэрүүгээр нь дамжуулж танин мэдүүлэх хэрэгтэй байдаг ажээ. Хаа нэг газрын огт танихгүй зүйлийн зургийг авчраад үзүүлбэл мянган сайхан өнгөтэй байлаа ч хүүхдэд хүртээлгүй. Гадаадын тийм ч юм нь сайхан гээд бид дуурайдаг. Кинон дээрээс ч гэсэн аав, ээж нь унтахынх нь өмнө ном уншиж өгч байгаа нь харагддаг. Хамтдаа номоо уншиж, энэ юу вэ гэж асуугаад хүүхэд нь хариулаад л... Атаархмаар ч юм шиг дүр зураг. Мөнгө төгрөг зарлагадах биш үүнийг амьдралдаа хэвшүүлчихэж болмоор л санагдаад байгаа юм. Хэлд ороогүй хүүхэдтэй “Энэ юу вэ?” гэж яривал хүмүүс мангар юм уу гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ нэг л өдөр хүү чинь “Бөмбөг” гээд л хариулна даа.  

Удахгүй хүүхдийн баяр болох нь ээ. Шинэ жил, хүүхдийн баяр, төрсөн өдрөөр нь хүүхэддээ юу өгдөгөө бодож үзлээ. Чихэр, шоколад, ундаа, чипс, тоглоом гээд гарын тавхан хуруунд багтахаар зүйл хамгийн түрүүнд толгойд орж ирж байна. Аав, ээж, эмээ, өвөө, албан байгууллагаас хүүхдүүдэд бэлэг сонгохдоо амттан голдуу өгдөг. Баярынх нь өдөр юм чинь ханатлаа идэг гээд л... Юу нь буруу байхав. Хүүхэд л юм болсон хойно амттай шимттэй юм өгөлгүй яахав. Чихэр, шоколад огт битгий амсуул гэж хэлж байгаа юм биш л дээ. Телевизээр хүүхдийн баярын бэлэгний рекламууд цуварч байна. Баярыг баяр гэдэг утгаар нь тэмдэглэж чадахаа больж дээ бид. Ямар нэгэн бизнесийн байгууллагын албан шахалтаар, тэдний толгой эргэм сайхан үгтэй, нүд эрээлжлэм гоё дүрстэй рекламанд хууртан тэрийг л хүүхэддээ аваад өгчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хүүхэд юунд баярладаг юм бол? Нэг танил маань хүүхэддээ үлгэр ярьж өгч л дээ. Дөрвөн настай хүү нь өгүүлбэр дуусах тоолонд шахам “Өө тиймүү” гээд байж. Үлгэрээ нэг их сайн ойлгож өгөхгүй байгаа ч гэсэн аавтайгаа зэрэгцэж суугаад үлгэр яриулах сайхан байгаа нь илт харагдаж байсан тухай ярьж өгсөн юм. Хүн болгон хүүхэд байсан. Харин хүүхэд байхдаа юуг хамгийн их хүсдэг байснаа мартчихдаг. Хүүхдийн тухай бичих болоод дунд сургуульд бичиж байсан тэмдэглэлээ эргэж харлаа. Зах зээл дөнгөж эхэлж байсан болохоор аав ээж маань ганзгын наймаанд явдаг байсан үе. “Миний гэр бүл” гэж гарчиглаад “Аав ээж, эгч дүүтэйгээ нэг өдөр гол дээр очихсон. Аав бидэнтэй тоглоод л... Ээж гоё хоол хийгээд л...” гэж бичсэн байх юм. Эргээд уншихад гэнэн юм шиг хэрнээ хүүхэд чихэр боовноос илүү өөрт нь зориулах цаг завыг л горьддог гэдгийг хэлээд байгаа юм шиг санагдлаа. 

Монгол хүүхдийн бага нас болохгүйн “хүлээсэнд” өнгөрдөг

Миний хүү хичээлээ сайн хийчих тэгвэл чихрээр шагнана шүү. Энэ үг бараг орой болгон, айл бүрт өрнөдөг яриа. Ингэж хүмүүжсэн хүүхэд хэн болох бол? Хүүхдийн хүмүүжлийн талаар МУБИС-ын Багшийн сургуулийн профессор багш, хүүхдийн зохиол судлаач, шүүмжлэгч Д.Хүүтэй ярилцлаа.

-          Үр хүүхэддээ хайргүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид хүүхэддээ хэрхэн ханддаг юм бол энэ талаар ярилцъя. Үнэхээр зөв хүмүүжүүлж чадаж байна уу?

-          Хүүхдийн хүмүүжил гэдэг маш чухал. Бид хүүхдээ хүмүүжүүлдэг маш арвин баялаг туршлагатай. Дэлхий нийтээрээ хүүхдийг ярьж ойлгож, тэдний найз нөхөр нь байж хүмүүжүүлэх хандлага давамгайлдаг. Харин бид өнөөдөр хүүхэддээ чихэр атгаж өгдөг хүмүүжлийн хэлбэрээсээ салж чадахгүй байна. хайртай гэдгээ харуулах хамгийн чухал үзүүлэлт нь эрээн цаастай чихрийг атга атгаар нь өгөх. Чихрийг хамгийн муу зүйлээр хийдэг. Сайхан амттай ч гэсэн цаанаа тэр чигээрээ хор, тэр чигээрээ үйлдвэрлэлийн гологдол. Яг үүнтэй адил манай оронд хүүхдэд зориулсан бүх зүйл гологдол маягаар явж байна. Хүүхдэд даавууны өөдсөөр хувцас хийнэ, тоглох уулзах газар нь байрны подваль, орц. Сайн гэгддэг, алдар нэртэй уран бүтээлчид хүүхдийн уран бүтээл хийдэггүй. Хүүхэд зүгээр нэг чирэгдмэл, дагуул зүйл болчихсон. Ээж аавыгаа дагаад дэлгүүрт орлоо гэхэд таалагдсан зүйлээ авах эрх хүүхдэд байдаггүй. Хүүхдэд хичнээн таалагдлаа ч эх эцэгт нь л таалагдахгүй бол хэзээ ч авч өгөхгүй. Авна гээд зүтгэчихвэл “Дараа чамайг дагуулж явахгүй. Чи дандаа буруу юм авах гэлээ” гээд шийтгэдэг. Ингэхээр нөгөө хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэмүүлсэн зүйлээсээ ухардаг, няцдаг хүн болгон хүмүүжүүлдэг. Ийм л хөшигний цаана хүүхдүүдийн маань амьдрал явж байна шүү дээ.

-          Хамгийн гол нь ярьж ойлголцох, түүнтэй найз шиг нь байх ёстой гэж бид ярьдаг. Харин амьдрал дээр аав ээж нь сургадаг, үглэдэг, загнадаг, үзэл бодлоо тулгадаг. Түүнээс биш хүүхдийнхээ яриаг сонсдог хүн байдаггүй гэхэд хилсдэхгүй болов уу...

-          Эх эцгийн хүүхэдтэйгээ ярих яриа гэдэг бол маш өөр. Бага насны хүүхэдтэй дэгсдүүлж хөгжүүлж ярина. Гурван нас хүртлээ хүүхэд буруу зүйл хийдэг, худлаа ярьдаг. Тэгэхээр нь “Буруу юм хийлээ, болохгүй, сахилгагүй” гэж загнадаг. Монгол хүүхдийн бага нас дандаа болохгүй гэдэг үгийн хүлээсэнд өнгөрдөг. Байнга загнуулна, тун болохгүй бол алгадуулдаг. Тэрнийгээ бид таван салаа боов гэдэг гоё нэр өгчихсөн. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг ч гэсэн нэг алгадахаараа унатал нь алгадчихаж болохгүй шүү дээ. Ингэхээр тэр хүүхэд чинь яаж өсч өөдлөх юм бэ? Нас насных нь онцлогоор хүүхэдтэйгээ харьцаж, арав таван үг сольж байх л хэрэгтэй.

-          Нүүдэлчид хүүхдээ үглэж загнаад байхгүй өөрийнхөө биеэр үлгэрлээд хүмүүжүүлчихдэг. Харин суурин иргэншилд дасч ядаж байгаа бид дөрвөн ханатай байшин дунд хүүхдээ яаж хүмүүжүүлэхээ мэдэхээ больчихсон юм шиг санагддаг.

-          Нүүдэлчин ахуй бол шалгарлын орчин. Малчид хүүхдээ дагуулж яваад, морин дээрээ сундаллаад өөрийнхөө биеэр бүхнийг заадаг. Үглээд яншаад байх шаардлага байхгүй. Хотод, суурин амьдралд үр хүүхдээ хэрхэн хүн болгох вэ гэдэг арга ухаанаа олохгүй яваад байна. Ч.Лхамсүрэн гуайн “Маамуу нааш ир” гээд дууг мэдэхгүй хүн байхгүй. Агуулгыг нь бодоод үзье л дээ. “Маамуу нааш ир манайд хоёулаа очъё. Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү. Морь унаж давхия машин барьж явъя...” гээд үргэлжилдэг. Аав ээж нь ажилдаа явчихаад цоожтой хаалганы цаана хүүхэд яаж ганцаардаж байгааг л харуулсан шүлэг. Маамуу нааш ир надад бүх юм байна гэсэн агуулга эндээс харагддаг. Миний хүү байж байгаарай гэж хэлээд ээж аав нь хаяад явчихсан тийм хүүхдийн сэтгэхүйгээр энэ дуу бүтсэн. Тиймдээ ч өдий болтол хүмүүс дуулаад л байна шүү дээ.

-          Энэ дууны үгээс үүдээд ярихад өнөөдөр хүүхдийн уран бүтээл хаягдаж гээгдэж байна. одоо байгаа орчин нөхцлөө мэдрэхгүй, одоогийн хүүхдүүдийн сэтгэхүйг ойлгохгүй байгаа юм шиг...

-          Ямар ч уран бүтээл хэрэглэгчийнхээ хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг. Хүүхдийн уран бүтээлээр тэр хүүхэд, хүүхдэд тохиолдож байгаа бэрхшээл, баяр жаргал, нулимс, инээд нь харагдаж байх ёстой. Сүүлийн үеийн уран бүтээлүүд нэг бол номлолын шинжтэй, эсвэл үгээр наадаж, үгийн хууралт яваад байна. Хувь хүнийх нь үүднээс үл тоомсорлож, хүчээр өөр үзэл бодлыг тулгах, бичсэн зүйлээрээ тэднийг хүчээр залах гээд байдаг бочихож. Хүүхдэд зориулсан бүтээлүүд хүүхдийн үгээр бичигдэхгүй байна. Жаахан хүүхэд аавынхаа малгайг, өвөөгийнхөө гутлыг өмсчихөөр ямар харагддаг билээ дээ. Одоогийн хүүхдийн гэгдэх уран бүтээлүүд ийм л харагдахаар хэмжээнд явж байна. Содномдорж гуайн “Жигмэд Тогмид хоёр” дуунд том савтай л хоцрох юм шиг амьдралын тогтсон загвар хэлбэрийг тэр хүн бүтээлээр том савтай Тогмид түүсээр байгаад түрүүллээ, жижиг савтай Жигмид идсээр байгаад хоцорч байгааг харуулж өгсөн байдаг. Энэ их жижиг санаа. Тэгсэн хэрнээ хүүхдэд асар том зүйлийг ойлгуулж чаддаг.    

Социализмын үед Америкийн дуучин Дин Рид манай оронд  иржээ. Тэгээд “Монголд хамгийн жаргалтай хүмүүс нь хүүхдүүд л байна хэмээн шүүрс алдсан гэдэг. Тухайн үедээ бид өөрсдийнхөө аз жаргалтай ирээдүйгээр бахархан, алсын Америкийн өлсгөлөн хүүхдүүд гудамжинд гуйлга гуйн, хог ухаж, хонгил траншейгаар золбин нохой шиг тэнэн, сонин зарж, машин тэрэг угаагаад олсон мөнгөөрөө зүсэм талх олдог тухай өглөөний сонин уншлага дээр ухуулагч нөхөр яриад л... Уяхан сэтгэлтэй ээжүүд сэмхэн нулимсаа арчаад л... Энэ манай ажлын нэг ахын дурсамж. Гэтэл өнөөдөр хүүхэд гуйлга гуйх, гутал тослох нь байдаг л зүйл болж, өглөө гэрийн гаднах траншейнаас хүүхдийн толгой шовс хийхэд огтхон ч цочихоо больжээ. Зах зээл, шилжилтийн үе гээд бараг хорин жил бид хүүхдийн тухай ярьсан. Харин юу хийсэн юм бол? За бүр болъё. Гудамжинд байгаа тэнэмэл хүүхдийн асуудлыг өнөөдөр бид бичээд өөрчилж чадахгүй биз. Харин хүүхдээ хүн гэж хардаггүй, миний өмч ойлгодог тэр байдлаасаа салмаар байна. Захын айлд яваад ороход “Манай хүүхэд тэгж дуулдаг, бүжиглэдэг, тийм авъяастай” гээд л гайхуулна. Рекламдах маягаар. Өөрөөр тэгтлээ анхаарал тавьдаг билүү? Хүүхэд бидний ирээдүй л гээд байдаг. Тэгсэн хэрнээ “Завгүй” гэдэг ганцхан үгээр хамт байх цагаа хумсалдаг. Чиний асуудал юу ч биш. Илүү чухал зүйл байна гэж цаагуураа хэлээд байгаа хэрэг шүү дээ.

Нэг найз маань эхнэр хүүхэдтэйгээ АНУ-д амьдрахаар очоод удаагүй байжээ. Хүү нь өдөржингөө шахам ганцаараа тоглоомын талбай дээр наадсан юм байх. Оройхон тийшээ хөрш байшингийнх нь настайвтар эмэгтэй хүүг хөтлөөд ороод ирж. “Та нар яагаад хүүхдээ хараа хяналтгүй орхиод байгаа танхай хүмүүс вэ? Дахиж ингэвэл цагдаа дуудна шүү” гэжээ. Тэр явдлаас хойш нэг их удалгүй мань нөхөр том хүүгээ гадуур тэнэлээ гээд нудраад автал дэргэд нь байсан америк эр матаад хэд хоног баривчлуулчихсан гэсэн. Гадны хамаг юм сайхан гэж байгаа юм биш л дээ. Бүгдийг нь дуурай, ийм байвал гоё гэж ухуулаад байгаа ч юм биш. Хамгийн гол нь тэд хүүхдийг харагдах байдлаас нь жижиг хүн, хүүхэд гэж ялгаж харьцахгүй жинхэнэ хүн гэж хүлээж авдаг. Үгийг нь сонсож, хүндэлдэг. Бидэнд харин энэ чанар дутаад байна уу даа.

Хүүхдээ хараад гэртээ суучих юм “ичиг ичиг”

Эмэгтэйчүүд нийгэмд манлайлж байна. Ажлаа ч хийгээд үр хүүхдээ ч хүмүүжүүлээд гээд их бахархдаг. Энэ солонгос, япон эмэгтэйчүүд гэрээсээ ч гарахгүй, хормойгоо чирээд хүүхэдтэйгээ зууралдаад байх юм гэж бид ярьдаг. Үнэн хэрэгтээ бид  зэрэгцүүлээд байгаа зүйл байхгүй л дээ. Өглөө нь цэцэрлэг сургуулийн багшид даатгаад “хаячихдаг”. Хүүхэд зөнгөөрөө л хүн болдог гэдэгт бүгд итгэдэг. Тэдэнд хоол, хувцас байхад л хангалттай. Үүгээр нь л дутаахгүй бол эцэг, эхийнхээ үүргийг гүйцэтгэчихэж байгаа нь тэр гэж боддог. Харин ч солонгос, японы тэр уламжлал ухаалаг алхам. Магадгүй өнөөдөр бидэнд хүүхдээ хараад байж байх, тэгээд гэр орон нь дутагдах, гачигдах юмгүй яваад байх боломж бололцоо ховор. Боломжийн амьдралтай айлын хүүхдүүд хувийн, өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд суралцаж,өмссөн хувцас, барьсан утсаа нэгэндээ гайхуулан, аавын машин тийм, ээжийн шуба тийм үнэтэй гэлцэж байна. Хөрөнгө мөнгө, материаллаг зүйлсээр дамжуулан бие биедээ “томроод” л... “Хүүхэд гэр бүлийн толь гэдэг. Аав ээж нь гэртээ хэн нэгнийг муулаад л, өмссөн зүүснээр нь дүгнээд, чи тэдний хүүхдээс юугаараа дутуу юм бэ гэхчилэн загнаад байхаар хүүхэд аяндаа атаархуу болж өсдөг юм шүү дээ” гэж учир мэдэх хүн хэлж байв. Манай сэтгүүлийн 65-р дугаарын зочноор уригдсан гэр бүл судлаач П.Буяндэлгэр “Асуудалтай хүүхдийн цаана асуудалтай аав, ээж байдаг. Ээж, аавууд нь эцэг эхээсээ суралцаагүй учраас хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Хүүхэд багадаа хайрыг мэдрэхгүй өсвөл том болсон хойноо, хэн нэгнийг хайрлаж чадахгүй. Хүн хоолны газраар дайраад гарах юм бол хоол үнэртэнэ. Мужааны цехээр орвол мод үнэртдэг. Үүнтэй адил хайраар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд насанд хүрээд гэр бүл зохиохоороо хайраар дутаахгүйг хичээдэг” гэж ярьж байсныг ч санаж байна.  

Охин маань ирэх намар сургуульд орно. Одоо бэлтгэлд сууж байгаа ухаантай. Багш нь “Танай хүүхэд үсгээ мэддэг юм байна. Одоо нэгдүгээр ангийнхантай хамт шалгалт өгүүлээд шууд хоёрдугаар ангид оруулчих” гэж байна. Тэгээд хүмүүсээс зөвлөгөө авлаа. Ихэнх нь “Хугацаа хожино”, “Яахав оруулаад үз, болохгүй бол нэгдүгээр ангид нь суулгачих” гэж зөвлөж байна. Өөрөө яахаа сайн мэдэхгүй болохоор энэ талаар зөвлөгөө өгч чадна гэсэн хүнээсээ асуулаа. “Хүүхэд чинь сайн байж болно. Онц сурч болно. Хамгийн гол нь хүн болж төлөвших нь л чухал. Манай боловсролын тогтолцоо хүүхдийг тийм зүйлд сургаж чаддаггүй. Цэцэрлэгээс сургуульд орно гэдэг маш том өөрчлөлт. Алгасуулахад бие бялдрынхаа хувьд өөрчлөлт гарахгүй ч бүтэн жил сургуульд сураад тэр орчиндоо дасчихсан хүүхдүүдийн дунд орох хүүхдийнхээ талаас хэцүү” гэж зөвлөж байна. Нээрээ бодоод байсан чинь манай боловсролын тогтолцоо хэн 90-с дээш оноо авах вэ, хэн нь багшийн заасныг цээжилж, тоог заасных нь дагуу бодож байна вэ гэдгээр үнэлдэг. Багшийн хийснийг дуурайж чадах юм бол гэсэн сармагчин байдлыг үнэлдэг. Багшийн заасан хичээлийг баяжуулаад, магадгүй үгүйсгэх хэмжээний юм мэдэж байсан ч багшийн зааснаас өөрөөр л хийвэл муу авна. Дэлхийн суут зохион бүтээгч Томас Эдисоныг “Юм сурах чадваргүй, оюуны хомсдолтой” гэж тухайн үедээ дүгнэж байсан гэдэг. Аав, ээж нь түүнийг сэтгэцийн эмнэлэгт үзүүлж байсан тухай түүх бий. Гэтэл түүний буянаар хүн төрөлхтөн лаанаасаа салж, гэрэл гэгээтэй золгосон шүү дээ.

Г.Батсүх: Мөнгө л өгчихвөл бүх зүйл болох юм шиг битгий бодоорой  

Би нэг дүүтэй. Манайх боломжийн амьдралтай. Аав ээж хоёр ажил гээд гэрийн бараа харахгүй. Өсвөр насны бид хоёр болох болохгүй зүйлд их орооцолдоно. Дүү маань угийн хөнгөн, хөдөлгөөнтэй хүүхэд. Нэг удаа дүү маань тамхи татаж байгаад эмээд баригдсан юм. Тэрнээс хойш эмээ “Миний муу хүү хүнээс тамхины мөнгө битгий гуйгаарай” гээд арав таван цаас илүүчилдэг боллоо. Угаас аав ээжийн өгсөн халаасны мөнгө бидэнд хангалттай хүрдэг л дээ. Харин дүү маань эмээгээс, ээжээс авсан мөнгөөрөө найзуудтайгаа нийлээд архи уучихсан орж ирсэн. Тэр үед манай гэрийнхэн “Чамд юу дутлаа гэж хар ус гударч байгаа юм бэ? Чамайг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулах гэж бид хоёр морь нохой шиг зүтгэж байна. Хүссэн хувцас, үнэтэй утас, авъя гэсэн бүхнийг чинь авч өглөө. Болоо юм биш үү? ” гээд л үглэж гарсан даа. Дүү маань “Та нар битгий худлаа ярь. Миний төлөө ажил хийдэг гэсэн үү? Мэдэхгүй л юм байна. Хүний хүүхдүүд аав ээжтэйгээ хамт тоглож байхад би та нарын өгсөн мөнгөөр хамт тоглох хүүхэд царайчилж чихэр боов авдаг байсан. Одоо ч гэсэн та нар чамд мөнгө өглөө юу ч хийсэн хамаагүй гэж байгаа юм шиг ханддаг биз дээ” гээд уйлж гарсан. Би дүүгээ ойлгож байсан. Мэдээ орох цагаасаа эхлээд аавтайгаа тоглож, ээжээрээ үлгэр уншуулж үзээгүй шахам бид хоёр ангийнхаа хүүхдүүдийг чихэр шоколадаар “найрч” гэртээ авчираад тоглодог байсан юм чинь...

Би сайн аав, сайн ээж ... Бид өөрсдийгөө сайн аав, ээжүүд гэж боддог. Гэхдээ хүүхдүүд биднийг юу гэж дүгнэдэг бол? Жаахан байхдаа аав ээжийнхээ тухай юу гэж боддог байснаа найз маань ярьж байсныг санаж байна. Эрэгтэй хүүхдийг чангахан гараар барихгүй бол болохгүй гэсэн ойлголт бидэнд байдаг. Буланд зогсоогоод, болохгүй бол алганы амт үзүүлээд л... Найз маань “Хүүгээ л өөр шигээ болгочихгүй юмсан” гэж дандаа ярина. Яагаад ингэж байдаг юм бэ гэхээр “Намайг нэгдүгээр ангид байхад аав маань манай энэ төрөлхийн болхи, бүдүүн бараг хүүхэд. Яаж ийж байгаад жолооч болгочихвол барав. Дээд боловсрол эзэмшинэ гэж худлаа гээд л ээжтэй ярьж байж билээ. Тэрнээс хойш би өөрийгөө жолооч болох л хэмжээний хүн гэж боддог болсон. Хичээл номондоо ч нэг их анхаарахгүй. Ганцхан үгээр миний ирээдүйн амьдралыг, итгэлийг маань үгүй хийсэн шиг санагддаг” гэж хариулж байсансан. Одоо найз маань хүүхдээ байнга магтана. Хэзээ ч бусдын хүүхэдтэй харьцуулахгүй. Урам өгөөд байхаар хүү маань өөртөө итгэлтэй болж, амжилтанд хүрэхийн үнэ цэнийг мэдэрдэг болсон. Онц сурахдаа гол нь биш. Өчигдөр ямар байв өнөөдөр ямар болов багахан ч гэсэн ахиц бүрийг нь эхнэр бид хоёр сайшаадаг хэмээн инээж байв. тэгээд бас Ярианыхаа далимд сахилга баттай бай гээд зодож, буруу зүйл хийснийх нь төлөө шийтгэж болохгүй. Жаахан хүүхэд аяга хагалчихлаа гэхэд бид “Яаж байгаа юм бэ? Алив хэн аяга хагалчихав. Бай бай” гээд тоглоомоор ч хамаагүй гаран дээр нь тоншиж л байдаг. Болохгүй юм хийснийх нь төлөө шийтгэж болно гэхдээ “Сахилга бат гээчид нэг грамм шагналын үг нэг килограмм шийтгэлээс илүү үр нөлөөтэй” гэж байв.

М.Гэрэлтуяа  



бичсэн: gereltuya | төрөл: Хүмүүжил 2009-05-26 өдөр 07:05
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:

Асуулт асуухаасаа өмнө нийтлэлийг уншиж, өмнөх сэтгэгдлүүдийг уншаад адилхан асуулт байхгүй бол асуулт асууна уу. Давхардсан асуулт, нийтлэлд бичигдсэн зүйлийн талаарх сэтгэгдэлд хариулахгүй болно.


Сайн байна уу. Миний охин одоо 2 нас гаруйтай, цэцэрлэгт явдаг. Нээрээ л би хүүхдээ өглөө санд мэнд цэцэрлэгт нь хүргэж өгөөд, орой нь эмээгээр нь авхуулчихдаг хэмнэлд ороод бараг жил болох гэж байна. Ажил ихтэ гэх шалтгаанаар охиноосоо их л хол байх юм. Сая энэ нийтлэлийг уншаад уйлчихлаа шүү. Нээрээ би хүүхэд байхдаа аав ээж ахтайгаа гадуур зугаалж, тоглож, хөдөө гадаа явах юмсан гэж боддог байснаа гэнэт саналаа. Миний охин ч бас яг тийм юм хүсэх байхдаа. Одоохондоо хэлд гүйцэд ороогүй ч шулганаад л байдаг юм. Бяцхан зүрхэнд нь ээжтэйгээ тоглох хүсэл байнга л байдаг байхдаа гэж бодсон чинь өөрийн эрхгүй нулимсс гарчихлаа шүү.
Үр минь дээ, үр минь. Ээж нь чинийхээ төлөө ч юм уу, өөрийнхөө төлөө ч юм уу, баталгаатай ирээдүйн төлөө ч юм уу, мэдэхгүй. Чамдаа цаг зав гаргаж, гадаа гаргаж, тоглуулж, амттай хоол хийж өгөлгүй яасан их удсан юм бэ дээ.
Бичсэн: Сайн байна уу (зочин) 17:06, 2016-04-29 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин 20:20, 2011-03-01 | Холбоос | |


Эцэг эхчүүдээс гадна цэцэрлэг, сургуулийн бага ангийн багш нар бас их үүрэгтэй санагддаг...
Бичсэн: xvv 22:24, 2010-10-01 | Холбоос | |


sain bain uu, ööriin tani bichlegiig unshaad mash ih taalagdlaa. Önöögiin ger bul, huuhdiin amidraliig unen zövöör ni shudraga gargasan saihan niitlel baina. Ali boloh olon ezeg ehchuud olj unshin öörsdiin huuhedtei harizaj bui harizaagaa tungaan bodoosoi gesen husel törlöö.
Minii bodloor etseg ehchuud öörsdiin huuhedteigee harizaj bui harizaa tuhain huuhded yamar nölöö uzuulj baigaa talaar tungaan boddoggyi met sanagddag. Huuhdiin nudeer harj, öörsdiigöö tednii orond tösöölön bodoj baih ni tedniig oilgoj, tedentei harizah harizaa gunzgiireh anhnii alham boluu gej bodoj baina. Deerh bichleg deer huuhdiin shiitgeliin talaar jishee bichsen baina, huuhdee ayaga hagalchihlaa geed zagnah zandrah, esvel gaduur yavaad hussen zuilee avah gelee gej tuuniig ni buruushaah gm. Bainga zagnuulj zandruulj, mangar tenegeeree duuduulj bui huuhduud hezee negen tsagt tuundee itgen, öö bi ch mangar döö, bi ch chadahgyi deee gesen bodold huren uram zorig baihgyi, hicheel nomondoo ch durgyi bolno. Tegeed irenguut ni ezseg ehchuud ergeed l zalhuu, uramgyigeer ni zagnaj ehlene. Geh metchilen tuhain huuhdiin bie hun boloh chuhal ved bainga sörög mayagaar handval ter huuhed tertee tergyi ööriin sanal bodliig helj, bi gesen bie huniig olj chadaagyi yum chini hen negnii ugeer, biee daaj ajilj chadahgyi, bainga hunii zaaval tölövlögöö huleesen hun l bolj tölövshinö. Getel önöögiin zah zeel deer tiim huniig alban baiguullaga bur ajilchinaaraa tavih sonirhol bain uu???
Zarim ezeg ehchuud tuunii buruu taliig oilgon deerh jishee shig, huuhdee l öör shigee hun bolgohgyi yum shuu gesen zarchim barimtaldag, ene ni minii bodloor uneheeer ter talaar tungaan bodson, ezeg ehiin mini humuujil namaig yamar hun bolgosniig oilgoj medersenii shinj temdeg.
Huuhdiig uramshiilj, tedend itgel naidvar ögöh ni tednii ireeduigee harah nudiig ni "bi chadna buteene" gesen zugees neej ögnö gedgiig olon olon ezeg ehchuud uhaarch medreesei gej husej baina.
mendchilsen odko
Бичсэн: odko (зочин) 19:11, 2010-10-01 | Холбоос | |


Маш их таалагдлаа. Олон эцэг эхчүүд үүнийг уншаасай. Бид хүүхэд байснаа мартчихдаг нь ямар харамсмаар хэрэг вэ,
Бичсэн: Munguunuu 11:29, 2009-12-11 | Холбоос | |


Ёстой сайхан нийтлэл байна. баярлах
Бичсэн: Boloroo 12:09, 2009-10-31 | Холбоос | |


Үнэн үг гашуун гэж....
энэ ёстой үнэн үг бичжээ. Уншаад нулимс гарчихлаа. Йим бодит байдлыг илүү олон хүн ухаарч, энэ үг илүү олон хүний сонорт хүрээсэй. Бичсэн хүнд баярлалаа.
Бичсэн: Зочин 22:21, 2009-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Залуу эцэг эхчүүд, ирээдүйн эцэг, эхчүүдэд зориулав.

Хүүхдийн эрүүл мэнд, өвчин эмгэг, урьдчилан сэргийлэх, эмчилгээ зэрэг зүйлсийн талаар асуух тодруулах зүйл байвал асууж болно шүү. :-)
Туршлагатай, болон шинэхэн аав ээж нарыг энэ блогийг хамтран бичихийг урьж байна.




:-)
 
xaax