Хүүхэд бидний ирээдүй
Хүүхдийн өрөөг гоёх хамгийн хэцүү
Хүүхдийн өрөөг гоёход хамгийн хэцүү мөртлөө дизайны талаас нь үзвэл хамгийн сонирхолтой нь юм. Энэ өрөө нь хүүхдийн өсөлт бойжилт, зан ааш, цаашдын амьдралд маш их нөлөөтэй. Дизайнерууд хүүхдийг тав тухтай байлгах үүднээс өрөөг нь хичээл хийх, тоглох, амралтын гэсэн гурван хэсэгт хуваахыг зөвлөдөг. Боломжтой бол хүүхдийн өрөөнд жижигхэн спорт комплекс хийж өгвөл бүр ч сайн. Бичгийн ширээ нь сайн гэрэлтүүлэгдсэн байх хэрэгтэй бөгөөд гэрэлтүүлэг хүүхдийн өрөөнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой нь ногоовтор туяатай гэрэл гэж үздэг. Ногоон өнгө нь тайвшруулах нөлөөтэй тул хүүхдийн нүдэнд маш чухал. Мөн ийм гэрэл "хүүхдийн ажлын ширээнд" уншиж бичихэд тав тухтай байдаг.Төрөл бүрийн гэрлийн нөлөөгөөр гайхмаар үр дүнд хүрч болно. Жишээ нь, цонхонд байрлуулсан өнгөт неон гэрлүүд нь үлгэрийн юм шиг байдлыг санагдуулдаг бол цэгэн гэрлүүд нь мебелийг сайхан харагдуулна. Ер нь бүх зохиомол гэрэлтүүлгээс өнгөтэй хамгийн сайн авалцдаг, өнгийг гажилтгүй харуулдаг гэрэл бол өдрийн гэрэл юм. Хүүхдийн өрөөг олон давхар адар, шат, арк зэрэг төрөл бүрийн архитектуртай хийх хэрэггүй. Тавилга нь хүүхдийн тоглоомын нэг хэсэг учраас тэр нь олон шургуулга, жижиг хайрцагнуудтай байвал тэдгээрт өөрийн тоглоомнуудаа хадгалах болно. Хүүхэд тоглоомноосоо амархан уйддаг учраас тэд өөрийнхөө тоглоомуудыг хадгалах газрыг нь урьдчилан бодож байгуулах хэрэгтэй. Хүүхэд өөрөө бие даан тоглоомоо хураадаг, мөн тоглоомоо сонгон авдаг бол түүнийг нягт нямбай занд сургана.
Хүүхдийн өрөөний фенг шуй - Хүүхдийн хувьд өрөө нь унтаж амрах, тоглож наадах газар нь болдог. Өдрийн турш зугаатай чөлөөтэй, шөнө нь тайван амгалан байх ёстой. Фенг шуйд үзэж буйгаар зүүн болон зүүн урд зүг нь хүүхдэд хамгийн ээлтэй байдаг. Зүүн зүг залуу өсөн төлжиж буй энерги нь өсөлт дэвшилт хөгжилтэй холбоотой. Мөн энэ нь мандаж буй нар мэт эрч хүчтэй сэргэлэн цовоо байхыг илэрхийлдэг. Өрөөнийх нь баруун талд орыг нь байрлуулбал тайван гүн бат нойрсож чадна. Хүүхдийн өрөө цэлгэр том биш, нүсэр том тавилгагүй, нас биеийн онцлогт тохирсон байх хэрэгтэй.
Миний өрөө – миний орон зай
Хүүхэд амьдарч байгаа өрөөг тогтмол агааржуулах, хүйтний улиралд 3-4 цаг тутам 10-15 минут, зун салхивчийг өдөржин нээлттэй байлгавал сайн. Өрөөний агаарын дулаан нэг сар хүртэлх хүүхдэд 22оС, 2-3 сараас 20-21оС, гурван сараас дээш насанд 18-19оС байвал зохино. Хүүхэд байдаг өрөөнд угаалга хийх, хоол бэлдэх, тамхи татахыг цээрлэ. Хана нь цайвар усан цэнхэр өнгөтэй байвал хүүхэд илүү тайван байдаг од, хээ угалзтай ханын цаас галыг бэлгэддэг. Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүүхдийн өрөөнд шаргал өнгө давамгайлсан ханын цаас илүү тохиромжтой гэнэ. Үүнээс гадна ханы цаасны найрлага хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Хулдаасан ханын цаас нь хананы өө сэвийг сайн дардаг ч цинк, ацетон гэх мэт химийн бодис их хэмжээгээр агуулагддаг байдаг. Ер нь ханын цаас зузаан байх тусам химийн хорт бодис ялгаруулах хэмжээ нь их байдаг тул хүүхдийн өрөөндөө төдийгүй ахуй амьдралдаа аль болох хэрэглэхгүйг хичээгээрэй. Хананд өлгөдөг даавуун зурагнууд нь энергийг удаашруулах тайван амгалан уур амьсгал үүсгэдэг гэж фенг шуйн зөвлөгөөнд дурджээ. Хүүхдэд хамгийн ээлтэй цэцэг бол унаган хэл. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн анги танхим, хүүхдийн өрөө тасалгаанд тарьснаар эерэг энерги өгч, сэргэлэн цовоо байхад нь онцгой нөлөөтэй. Унаган хэл халуун, хүйтэнд маш тэсвэртэй учир байнгын усалгаанаас өөр арчилгаа шаардахгүй.
Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийн өрөөгөө модерн тавилгаар “гангалах” дуртай болсон. Тийм тавилга сонгосон бол өрөөний хана, цонхны хөшиг, гэрлийн бүрхүүл, хивс, ханын зураг, чимэглэл бүгд л модерн стилийнх байж л гоё харагдана. Тавилга болон түүнтэй зохицсон чимэглэл хамгийн чухал. Зарим тавилгын дэлгүүр борлуулж буй тавилгатайгаа зохицсон хивс, хөшиг, чийдэнгийн бүрхүүл, ханын зураг, цэцэг, төрөл бүрийн чимэглэл худалдаалдаг болсон. Донж маяг нь таарсан чимэглэл тухайн тавилгыг төгс төгөлдөр харагдуулдаг байна.
- Онгорхой хаалга: Шөнө өрөөнийх нь хаалгыг хааж, хөшгийг нь татаж бай. Энэ нь энергийг урсгалыг зөөлрүүлж, хүүхдийг тайван унтахад нь тусална.
- Цонх: Орны толгойг цонхон доор таарахаар байрлуулж болохгүй. Энд энергийн урсгал хэт идэвхтэй байдаг тул тайван унтах боломжгүй.
- Том тавилга: Хүүхдэд орон зай хэрэгтэй байдаг учраас хэт том, овор ихтэй тавилга тавихаас зайлсхий. Өрөөг давчуу зай муутай болгодог.
- Цахилгаан хэрэгсэл: Онцын шаардлагаүй бол хүүхдийн өрөөнд телевизор, компьютер, видео тоглуулагч гэх мэт цахилгаан хэрэгслийг байлгасны хэрэггүй.
- Гэрэлтүүлэг: Дээшээ гэрэлтүүлэгч чийдэн нь таазыг гэрэлтүүлж өрөөг уужим саруул мэт болгоно.
- Ор: Давхар ор нь зай эзлэхгүйгээс гадна, хүүхдүүдийг нэг зүг рүү харуулж унтуулдаг болсноор хоорондоо эвтэй болдог сайн талтай
- Тавилга: Болж өгвөл дугуй сандал ширээ авч өгөөрэй. Фенг шуйд муу энерги үүсгэдэггүй гэж үздэг бөгөөд хамгийн гол нь хурц ирмэг байхгүй учир хүүхдэд аюулгүй.
- Хана: Хүүхдийн өрөөнд бүдэг ягаан, цэнхэр, ногоон, эсвэл шар өнгө илүү тохиромжтой. Харин хүрэн, хар, хар саарал, хар хөх өнгийг огт хэрэглэж болохгүй. Хоёр нас хүртэлх хүүхдэд хөнгөхөн, нэг төрлийн өнгө хэрэгтэй. Хэтэрхий олон зураг, хээ хуартай байх хэрэггүй. Энэ нь хүүхдийг ядраадаг. Хоёроос дээш насны хүүхдийн өрөөнд тод, олон өнгийг сонгож болно. Сургуульд орох үед өнгийг бүдэгрүүлэх хэрэгтэй.
бичсэн: gereltuya | төрөл: Хөөрхөн 2008-12-15 өдөр 11:47
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Цаашид илүү олон сайхан мэдээ нийтлээрэй. Үнэхээр хэрэгтэй зөвлөгөөнүүд байнаа. Ажлын өндөр амжилт хүсье
Сэтгэгдэл бичих